Цайхун сургуулийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө манай хамт олон хичээн ажиллаж байгаа бөгөөд орчин цагийн сургууль, орчин цагийн багш ямар байх ёстой вэ гэдэг чиглэлд бага багаар үе шаттай өөрчлөгдөн шинэчлэгдэнэ. Үүнд:
1. Сургуулийн материаллаг орчин
Цайхун сургууль одоо байгаа 582м2 талбайтай, хичээллэх 8 анги, нийт 13 өрөө тасалгаатай хичээлийн байрыг 2007 онд худалдан авсан юм. Орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн шинэ хичээлийн байр барихаар 2011 оноос хойш сургуулийн газрын асуудлыг идэвхтэй хөөцөлдсөөр энэ оны 4-р сард Дархан-Уул аймгийн ГХБХБГазрын төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч, аймгийн Засаг даргын Захирамжаар Дархан сумын 12–р баг, Хүслийн хотхоноос зүүн тийш 150 м-т байршилтай, 3000м2 газар олгогдлоо.
Одоо техникийн нөхцөл авах, барилгын зураг, төсөл хийлгэх, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх шатанд байна. Урьдчилсан байдлаар 3 давхар, 2160 м2, спорт-урлагийн заал бүхий, 2 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй, сургуулийн барилгын эскиз зураг гарсан байгаа болно. Хичээлийн байрны барилгын зардалд сургалтын төлбөрөөс нэг ч төгрөг орохгүй /орох боломж ч байхгүй/ бөгөөд үүсгэн байгуулагчдын100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдана. Хугацааны хувьд тодорхой амлалт байхгүй бөгөөд бид бүх хүчин чармайлтаа гаргах болно.
2. Сургалтын үйл ажиллагаа
— Үндсэн сургалт буюу БСШУЯ-наас баталсан ЕБС-ийн стандарт агуулга, мэдлэг, чадвар. Тус сургуулийн үндсэн онцлог болсон БНХАУ-ын Боловсролын Яамны харьяа Күнзийн нэрэмжит институтын Ерөнхий хорооны гаргасан гадаад хүүхдэд хятад хэл заах хөтөлбөр, монгол хүүхдийн онцлогт тохируулсан Цайхун сургуулийн хятад хэлний хөтөлбөр.
— Ерөнхий эрдмийн хичээлийн заавал сонгон суралцах хөтөлбөр. 6-11-р ангийн сурагчид дараах 4 хичээлээс 2 хүртэл хичээлийг заавал сонгож, нэмэлт хөтөлбөрөөр хичээллэнэ. Үүнд: англи хэл, математик, физик, хими, газарзүй, биологи
— ЭЕШ-ын бэлтгэл. 12-р ангийн сурагчид шалгалтын 9 хичээлээс шалгалт өгөхөөр сонгосон тухайн хичээлүүдээр сургуулийн баталсан хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. Сонгосон сурагчийн тоо хамаарахгүй.
— Дугуйлан, сонирхлын бүлэг, сурагчдын клубын үйл ажиллагаа. 8-аас дээш сурагч сонирхон хичээлэх, тогтмол үйл ажиллагаа явуулахыг хүссэн, тодорхой хөтөлбөр, зорилго, ач холбогдолтой, аливаа хэлбэрийн дугуйлан, бүлэг, клубыг бүх чадлаар дэмжин ажиллана. Нэг сурагч 2 хүртэл дугуйланд хамрагдах цаг хугацааны боломжтой. Сурагч хүүхдийн сонирхол дээр бүрэн тулгуурлан үйл ажиллагаа явуулна. Нэмэлт төлбөргүй, хүүхэд бүр ямар нэгэн дугуйлан, клуб, бүлэгт тууштай хамрагдах ёстой. Тууштай үйл ажиллагаанаас үр дүн гарна. Хичээлийн жилийн эхэнд сурагч, эцэг эхийн саналыг авна. Одоогоор санал болгож буй дугуйлан, бүлэг, клуб нь: Морин хуур, Ятга, Цахилгаан хөгжим, Илтгэх урлаг, мэтгэлцээн, Орчуулах эрдэм, Ирээдүйн хятад судлаач, Бүжиг, Хятад хэлний гүүр г.м.
Дугуйлан, бүлэг, клубт хичээллэхэд тухайн хувь сурагчид шаардлагатай нэмэлт хэрэгслийг эцэг эхчүүд хүүхэддээ бэлтгэн өгч дэмжих хэрэгтэй. Жишээ нь: Хөгжим хэрэгсэл, бүжгийн хувцас, шатар, зургийн хэрэглэл, шаардлагатай ном, гарын авлага г.м.
— Олимпиад, уралдаан, тэмцээний бэлтгэл
Олимпиадын ганцаарчилсан бэлтгэл. 6-12-р ангийн онцгой авьяас чадвартай 1-2 сурагчийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэнэ. Цаашид боловсролын ерөнхий чиг хандлага нь олимпиадыг дэмжихгүй гэсэн байдлаар яригдаж байгаа бөгөөд БСШУЯ албан ёсоор олимпиадын журмыг өөрчлөөгүй байгаа цагт багш нар онцгой чадвартай сурагчийг бэлтгэж оролцуулж байх нь зүйтэй юм.
Хятад хэлний янз бүрийн уралдаан, тэмцээн, олимпиадын өмнө тухайн удирдамжийн дагуу сургуулийн шатны шалгаруулалт явуулдаг бөгөөд үүнээс шалгарсан сурагчдыг тодорхой бэлтгэл ханган оролцуулдаг. Энэ зохион байгуулалт үргэлжилнэ. Хятад хэлний ТТШ /HSK/-ын бэлтгэлийг түвшин түвшнээр зохион байгуулна. Манай сургуулийн сурагчид байнга оролцож амжилтаа ахиулж байгаа уралдаан, тэмцээнүүд нь:
Д/д |
Уралдаан, тэмцээний нэр |
Хамрах хүрээ |
Хугацаа |
Зохион байгуулагч |
Манай амжилт |
1 |
Хятадын эртний шүлгийн уран уншлагын тэмцээн |
6-12-р анги |
10-р сар |
МУИС-ийн Күнзийн институт |
Тэргүүн байр 1 2-р байр 3, 3-р байр 6, Тусгай байр 12 |
2 |
Хятад ханзны хатуу үзгийн цэвэр уран бичлэгийн уралдаан |
6-12-р анги |
10-р сар |
МУИС-ийн Күнзийн институт |
3-р байр 1, Тусгай байр 2 |
3 |
Хятадын банкны нэрэмжит 3000 юаны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт |
4-12-р анги |
9 ба 3-р сар |
Монгол, Хятадын соёл, боловсролын сан |
4 сурагч |
4 |
Хятад дуу дуулаач хүүхдийн уралдаан |
Насны 4 ангилал 6-17 нас |
3-р сар |
Үй цай дунд сургуулийн Күнзийн тэнхэм |
Мөнгөн медаль 6, Хүрэл медаль 3, Тусгай байр 11 |
5 |
Хятад хэл дээрх уран илтгэлийн тэмцээн |
7-12-р анги |
3-р сар |
Үй цай дунд сургуулийн Күнзийн тэнхэм |
Гран-при тэргүүн байр 2, 1-р байр 2, 2-р байр 4, 3-р байр 5, Тусгай байр 4 |
6 |
Хятад хэлний олимпиад |
3-12-р анги |
4-р сар |
МУИС-ийн Күнзийн институт |
Мөнгөн медаль 2, Хүрэл медаль 1, Тусгай байр 2 |
7 |
Хятад хэлний гүүр |
15-аас дээш нас |
4-р сар |
МУИС-ийн Күнзийн институт |
2-р байр 1, 3-р байр 1, Тусгай байр 2, Шилдэг 15-т 7 сурагч |
3. Багшийн ажлыг дүгнэж урамшуулах тогтолцоо.
Багшийн цалин хөлс, урамшууллын тогтолцооны хувьд хувийн хэвшлийн сургууль төрийн өмчийн сургуультай хүчтэй өрсөлдөх хүнд шаардлага тулгардаг. Манай сургууль өөрийн цалин урамшууллын эрүүл, шударга тогтолцоо бүрдүүлэн, улирлын ажлын үр дүнгээр шаардлага хангасан сайн багшийн ажлыг өндөр үнэлэх чиглэлд эхний шатны амжилт, үр дүн гарч байгаа гэж үзэж байна. Цаашид энэ тогтолцоогоо улам боловсронгуй болгож хувийн хэвшлийн сургуулийн багшийн цалин урамшууллын жишиг тогтоох бодлоготой ажиллаж байна.
4. Шилдэг сурагчийн амжилтыг үнэлэх тогтолцоо.
Манай сурагчдын амжилт жил бүр ахиж байгаад багш бид баяртай байдаг. 2012 оноос Олимпиад, уралдаан, тэмцээний амжилтыг үнэлэх журам гаргаж, хүүхдийн хичээл сурлага, урлаг, спортын уралдаан, тэмцээн, олимпиадын амжилтыг бодитой үнэлж, амжилтын оноо өгдөг бөгөөд сурагчид цуглуулсан оноондоо харгалзах сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа нь шилдэг тэргүүний сурагч, багш, хүүхдээ идэвхтэй дэмждэг эцэг эхийн талархлыг хүлээж байгаа болно.
5. Сургалтын төлбөр. Сургалтын төлбөргүй бол хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, бас цаг хугацаандаа төлж байж сургуулийн санхүүгийн үйл ажиллагаа жигд тогтвортой байх болно. Иймд ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрийг 3 хувааж заасан хугацаанд, заавал төлүүлж байхаар шийдвэрлэж байна. Үүнд: 9-р сарын 1-25-нд 40%, 12-р сарын 1-15-нд 30%, 3-р сарын 1-15-нд 30%-ийг хувааж төлнө. Тогтоосон төлбөрийг заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд сурагчийг хичээлд суулгах боломжгүй болохыг анхааруулж байна. Сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулах суурь үндэс санхүүгийн чадавхи-сургалтын төлбөр гэдгийг эцэг эхчүүд ойлгож дэмжинэ гэдэгт итгэж байна.
Энд танилцуулж байгаа ажлууд нь одоогоор хэрэгжиж эхэлсэн буюу ирэх хичээлийн жилд хэрэгжүүлэх боломжит ажлууд бөгөөд бодит нөхцөл хараахан бүрдээгүй байгаа илүү олон зорилт, төлөвлөгөөг тухайн цаг үед нь танилцуулж, эцэг эх та бүхэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлье.
Цайхун сургуулийн Ерөнхий захирал Д.Бямбабаатар