ЭРХЭМ ЗОРИЛГО

Өнөөгийн нийгэмд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, өөртөө болон ирээдүйдээ төгс итгэлтэй монгол хүнийг төлөвшүүлнэ.
Шинэ зуунд нүсэр хөрш Хятадтай харилцах Монгол бодлогыг тодорхойлон журамлах, Хятадыг танин мэдсэн, хятад, англи хэлтэй,
бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна.
2004 онд байгуулагдсан манай сургууль Дархан-Уул аймагт хятад хэлний сургалтын анхдагч болсон юм.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ҮГ

  Монгол, хятад хоёр улс үндэстэн түүхийн өнө удаан жилийн турш зэрэгцэн оршиж, өрсөлдөн тэмцэлдэж, байлдан тулалдаж, эзэлж эзлэгдэж, эвлэн найрамдаж, хамтран ажиллаж, харилцан түншилж ирлээ. Бидний харилцааны түүх бол бүхэлдээ цэрэг дайн, эсвэл наймаа худалдааны харилцааны түүх зонхилдог гэж хэлж болно.

  Ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс, шинэчлэл, нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн БНХАУ-тай харилцааны бүхий л түвшинд тэгш харилцахыг эрмэлзэж байдаг. Нэн ялангуяа улс төр, цэрэг, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл боловсролын талаар хэт их гүрэн болох замаа хэдийнэ засчихсан, орчлонгийн сайн сайхан, саар муу бүхэн сүлэлдэн холилдсон энэ нүсэр том улстай ирээдүйд Монголчууд бид хэрхэн яаж эн тэнцүү харилцах вэ гэдэг асуудал анхаарал татсан, айдас түгшүүр ч гэмээр мэдрэмж дагуулж байна.

  Төр засгийн өндөр дээд шатнаас авахуулаад нийтийн захиргаа, аж ахуй, бизнесийн байгууллагууд, цаашилбал хувь хүн, бизнесменүүд, захын наймаачид гэж бидний нэрлэдэг ариун хөдөлмөр, жинхэнэ хөлс хүчээрээ амьдралаа авч яваа олон зуун хүмүүс бид цөмөөрөө хятадтай харилцах харьцаандаа наанаа эрх тэгш, харилцан ашигтай гэх боловч эргээд харахад бидэнд алдагдалтай, хонжигдолтой, алсын хор холбогдол нь хорон байх тохиолдол улам элбэг болж байна. Хуурамч чанаргүй эд бараанаас өгсүүлээд түүхий эд, эрдэс баялгийн худалдаа, төр засгийн гэрээ хэлэлцээрүүд ч эрх тэгш, харилцан ашигтай байж төдийлэн чадахгүй байна. Үүний учир нь бид үнэндээ Хятадыг сайн мэдэхгүй байна, хятад хүнийг сайн ойлгохгүй байна. Нэг бол Эрээний хужаа, ядуу барилгачдаар хятадыг төлөөлүүлэн төсөөлж адлан үзэх, нөгөө бол хөгжчихсөн, цэцэглэчихснийг гайхан шагшиж, баян тарганыг нь дагаж гүйх, ийм хоёр туйлшрал байна. Товчхондоо бол бид тэдэнтэй “ухаан санаа, далд бодлын шатар” муу нүүж байна.

  Бид хэрвээ хятадыг хангалттай сайн мэддэг бол тэдэнтэй эн тэнцүү харилцаж чадна. Хятадыг сайн мэдэхийн түлхүүр эхлэл бол тэдний хэл, соёлыг сурах, судлах, энэ үндсэн дээр харилцах арга, тактикаа хар хайрцгандаа боловсруулах явдал юм.

  Энэ зууныг Хятадын зуун гэхээс гадна бас Монголын зуун гэж хэлүүлж чадах үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд манай сургууль хувь нэмрээ оруулахаар чармайж байгаа юм.