Асуулт хариулт

Манай сургуулийн үйл ажиллагааны талаарх түгээмэл асуултуудын хариулт

 А: Хятад хэл мэдэхгүй болохоор хүүхдийнхээ хичээлийг яаж давтуулах вэ?

Х: Хятад үсгийг олон дахин хуулан бичиж нүдэлж тогтоодог тул бараг өдөр бүр хуулан бичих даалгавар өгдөг. Хятад хэлний хөг дуудлагыг олон дахин чанга дуугаар хашгиран уншиж байж зөв цэвэр дуудлагатай болдог. Иймд эцэг эхчүүд хүүхдээ хуулан бичлэг хийж буй эсэх, чанга дуугаар уншиж буй эсэхэд хяналт тавина. Бичсэн, уншсаны зөв бурууг сургууль дээр хятад багш хянан засч зөвлөнө.

А: Сургалтын төлбөрийг хувааж болох уу, яагаад заавал намар авдаг юм бэ, жилийн турш цувуулж өгч болохгүй юу.

Х: Зун сурагчид амарч байх хооронд хичээлийн байрны засвар үйлчилгээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, хятад хэлний ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, самбар, ширээ, сандал худалдан авах, гадаад багш нарыг угтах, виз, замын зардлыг төлөх, байр, орон сууцыг бэлтгэх, тохижуулах, шаардлагатай гэр ахуйн хэрэгслээр хангах, сургуулийн зар сурталчилгаа гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд жил бүрийн 8,9,10-р сард сургуулийн зардал харьцангуй их байдаг юм. Иймээс хувийн бүх сургуулиуд намар хичээл эхлэхэд төлбөрөө авдаг бөгөөд сургуулиудын хувьд санхүүгийн жил эхэлдэг гэж ойлгож болно. УБ хотод зарим сургууль барилга байшингийн өргөтгөл хийх шалтгаанаар ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийг хавар урьдчилан авах тохиолдол ч бий. Сургалтын төлбөр төлөх хугацааны талаар сургууль уян хатан хандаж ирсэн бөгөөд цаашид эцэг, эхтэй хийх гэрээний хугацааг чанд баримтлах болно.

А: Танай хичээлийн байр түрээсийнх үү?

Х: Дархан сумын 10-р баг, 380-ийн 3-р давхарт байрлах 600м2 хичээлийн байрыг манай сургууль 2007 онд худалдан авсан бөгөөд сургууль өргөжин хөгжихийн хирээр хүүхдийн тоо нэмэгдэж ачаалал ихсэх хандлагатай байгаа. Байрлалын хувьд шинэ Дарханд шинэ, хуучин, хээтэй хорооллын дунд бараг алтан гэж хэлж болохуйц байрлал юм.

А: Хэзээ шинэ байранд орох вэ?

Х: Хичээлийн шинэ байрыг шийдвэрлэж барихад хамгийн хүнд байгаа асуудал нь Дархан хотын боломжит байрлалд сургуульд шаардлагатай хэмжээний томоохон газрын асуудал юм. Одоо байгаа хорооллууд дундах мэр сэр зарагдаж байгаа газар нь хэмжээний хувьд жижиг байгаа бөгөөд шинэ баригдах хорооллууд дунд газар авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа болно. Энэ талаар эцэг эхчүүдтэй хамтран ажиллах боломж бий. Бодит байдалд жилийн нийт сургалтын төлбөрийн дүн нь сургууль барихад шаардлагатай мөнгөний 10 хувьд ч хүрэхгүй юм. Энэ дашрамд сургалтын төлбөрөөс ямар ч хуримтлал үүсч, ашиг ногдол хуваарилж байгаагүй бөгөөд сургууль шинээр хичээлийн байр барихдаа одоо байгаа хичээлийн байрыг барьцаалах, худалдах буюу үүсгэн байгуулагчдын хөрөнгөөр барина гэдгийг мэдэгдье. Иймд одоогоор хичээлийн шинэ байр барьж ашиглах хугацааг товлон хэлэх боломжгүй байна. Бид одоо байгаа материаллаг нөхцөлдөө сургалтаа зөв зохион байгуулж явуулах болно.

А: Сургалтын төлбөр жил бүр нэмэгдээд л байх уу?

Х: Сургууль үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулахын тулд хүний нөөцөөр сайтар бэхэжсэн байх ёстой. Цаашид бид аймагтаа шилдэг тэргүүний сургууль болохын тулд ажилтныхаа ажлын үр дүнг үнэн зөв дүгнэж урамшуулах, сургалтын чанараа сайжруулахад бүх  хүчээр анхаарч, хүч хөрөнгөө зарцуулахаар төлөвлөж байна. Товчхондоо аймагтаа хамгийн сайн сургалттай, хамгийн сайн цалин урамшилтай сургууль болно. Сургуулийн зорилтыг ханган бэхжүүлэхийн тулд чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй, санхүүгийн чадавхитай, баян хүчирхэг сургууль байх ёстой. Бид ажлаа сайжруулж, зах зээлийн эрэлт нэмэгдэхийн хирээр сургалтын төлбөр жил бүр нэмэгдэнэ.

А: Хүүхдээ хятад хэл хир зэрэг сурч байгааг яаж мэдэх вэ?

Х: 4-р ангиас эхлэн Хятад хэлний түвшин тогтоох HSK гэдэг олон улсын шалгалтын оноогоор хятад хэлний түвшинг жил бүр тогтооно. МУБИС-ийн HSK шалгалтын төвтэй манай сургууль хамтран ажиллаж, жил бүрийн 5-р сард сургууль дээрээ уг шалгалтыг зохион байгуулдаг. Гадаад хэлний ярианы орчин хязгаарлагдмал байгаа нөхцөлд эх орондоо хятад хэл үзэж байгаа хүүхдийн хувьд ярианы чадварыг дэмжих, хятад хэлний дадлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана.

А: Хятад ч үгүй, монгол ч үгүй болчих юм биш биз?

Х: Манай сургууль эх хэлний боловсролыг чухалчилсан гадаад хэлний сургалт явуулдаг онцлогтой. Зарим хятад сургууль гэхээр бүх хичээл хятадаар орно гэж ташаа ойлгодог. Манайх Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт агуулгыг бүрэн хангасан сургалт явуулдаг, өөрөөр хэлбэл улсын сургуулийн эзэмшүүлдэг мэдлэг чадвар дээр нэмэх нь өөрийн сургуулийн онцлог сургалтыг /хятад, англи хэл, математик, бусад/ явуулдаг юм.